Гэрээ дуусгавар болгох, цуцлах журам
Хувилбар 2026-11-16
1. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмаар суралцагч танхимын сургалтад бүртгүүлж байгуулсан сургалтын гэрээг дуусгавар болгох, суралцагчийн хүсэлтээр цуцлах, сургалтын төлбөр буцаан олгох харилцааг зохицуулна.
1.2. Журам нь Нарийн гарц апп, openshare.mn, e.worldlanguage.mn-ээр дамжуулан сургалтад хамрагдаж буй бүх суралцагчид хамаарна.
2. Суралцагчийн анхаарах зүйлс
2.1. Суралцагч «Суралцагчийн анхаарах зүйлс»-д заасныг сургалтын хугацаанд мөрдөнө.
2.2. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд компани гэрээг дуусгавар болгож болох бөгөөд энэ тухай суралцагчид мэдэгдэнэ.
3. Суралцагчийн хүсэлтээр гэрээ цуцлах
3.1. Гэрээ цуцлах өргөдлийг ажилтан (админ, салбарын менежер эсвэл тухайн ангийн багш) тухайн суралцагч, тухайн ангид нээсний дараа суралцагч Нарийн гарц апп, openshare.mn эсвэл e.worldlanguage.mn-ээр онлайнаар гаргана. Систем тухайн суралцагчийн нөхцөлд тохирох сонголт, буцаах дүнг автоматаар харуулна.
3.2. Төлбөр буцаах нөхцөл нь тухайн ангийн сургалтын төлбөрөө бүрэн (100%) төлсөн суралцагчид хамаарна. Бүрэн төлөөгүй суралцагчийн өргөдлийг ажилтан хянаж шийдвэрлэнэ.
3.3. Анги эхлэх өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө өргөдөл гаргасан бол төлсөн төлбөрийг 100% буцаана. Үүнээс QPay-ээр төлсөн дүнгийн 1%-ийн шимтгэл болон буцаалтыг шилжүүлэх банкны 300₮-ийн шимтгэлийг хасна.
3.4. Бусад тохиолдолд (анги дуусах хүртэл) буцаах дүнг дараах байдлаар тооцно: x = тухайн ангийн үнэ (хөнгөлөлт хассан) − тухайн ангийн номын үнэ − цуцлах өдөр хүртэл орсон хичээлийн төлбөр; буцаах дүн = x × 60%. Орсон хичээлийн төлбөр = (ангийн үнэ − номын үнэ) ÷ нийт хичээлийн тоо × цуцлах өдөр хүртэл хуваарийн дагуу болсон хичээлийн тоо (суралцагч ирсэн эсэхээс үл хамаарна).
3.5. Төлбөр буцаан авахын оронд суралцагч сургалтаа онлайн хичээл («Ур чадварын багц», e.worldlanguage.mn) болгон шилжүүлэх хүсэлт гаргаж болно.
3.6. Анги дууссаны дараа тухайн ангийн гэрээ цуцлах өргөдөл гаргах боломжгүй.
3.7. Өргөдлийг ажилтан хянаж шийдвэрлэнэ. Буцаах төлбөрийг суралцагчийн өргөдөлд заасан дансанд шилжүүлнэ.
4. Өргөдөл гаргах
4.1. Өргөдөлд өргөдөл гаргагчийн овог нэр, өргөдөл гаргах болсон үндэслэл, шалтгааны дэлгэрэнгүй, асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх санал болон холбогдох материалыг хавсаргана.
4.2. Өргөдөл гаргагчийн утасны дугаар, гэрийн хаяг, имэйл хаяг бүртгэлээс автоматаар бөглөгдөх бөгөөд өргөдөл бүрд засаж болно.
Суралцагчийн анхаарах зүйлс
Бүх суралцагч тав тухтай, үр дүнтэй суралцах орчныг хамтдаа бүрдүүлэхийн тулд сургалтын хугацаанд (анги эхэлснээс дуусах хүртэл) дараах зүйлсийг анхаарч, мөрдөхийг хүсье. Доорх товчийг дарснаар та эдгээртэй танилцаж, мөрдөхөө зөвшөөрч байна.
- Ном, сурах бичиг. Танд олгосон ном, сурах бичиг, гарын авлага, дасгалын материал нь таны суралцахад зориулагдсан. Зохиогчийн эрхийг хүндэтгэж, тэдгээрийг хувилж, скан хийж, зураг авч бусдад тараахгүй, худалдахгүй байхыг хүсье.
- Бүртгэлийн хаяг. Нарийн гарц апп, openshare.mn, e.worldlanguage.mn дахь бүртгэл тань зөвхөн танд зориулагдсан. Нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодоо бусдад өгөхгүй, бүртгэлээ бусдад ашиглуулахгүй байгаарай — энэ нь таны мэдээллийг ч хамгаална.
- Видео хичээл. Онлайн болон бичлэгтэй хичээлүүд бол багш нарын хөдөлмөр. Тэдгээрийг дэлгэцийн бичлэг, камераар хуулж, татаж авч, бусдад дамжуулахгүй, сошиал сүлжээ, группт байршуулахгүй байхыг хүсье.
- Анги танхимд. Хичээлийн үеэр утсаа чимээгүй болгож, бусдын анхаарлыг сарниулахгүй, багшийн зааврыг дагаж, бүгдэд тайван суралцах орчныг хамтдаа бүрдүүлээрэй.
- Эд хөрөнгө, аюулгүй байдал. Сургалтын төвийн байр, тавилга, техник хэрэгсэл, номыг гамтай ашиглаарай; учирсан хохирлыг суралцагч барагдуулна. Багш, ажилтан, бусад суралцагчтайгаа хүндэтгэлтэй харьцаж, хэн нэгнийг дарамтлахгүй, аюулгүй орчныг хамтдаа хадгалъя.
- Харилцааны соёл. Сургалтын төвд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй, согтуугаар ирэхгүй байхыг хүсье. Хэн нэгнийг доромжлохгүй, ялгаварлан гадуурхахгүй — бие биеэ хүндэтгэе.
- Хувийн мэдээлэл. Бусад суралцагч, ажилтны хувийн мэдээлэл, шалгалтын материал, дотоод баримтыг зураг, дэлгэцийн зураг, бичлэгээр хадгалж, бусдад түгээхгүй байхыг хүсье.
Дээрх зүйлсийг зөрчсөн тохиолдолд сургалтын гэрээний дагуу гэрээг дуусгавар болгож болох бөгөөд энэ тухай танд мэдэгдэнэ. Асуух зүйл байвал «Лавлах» хэсгээр бидэнтэй холбогдоорой. Хамтдаа сайхан суралцъя!
Өргөдөл гаргахын өмнө
- Таны өргөдлийг бид энэхүү журам, сургалтын гэрээ, бодит нөхцөл байдалд тулгуурлан анхааралтай хянаж шийдвэрлэнэ. Хүсэлтийг бүхэлд нь, хэсэгчлэн хүлээн авах эсвэл хүлээн авах боломжгүй байж болохыг ойлгоно уу. Шийдвэр, тайлбарыг «Өргөдөл» хэсгээс харна.
- Шийдвэрт санал нийлэхгүй бол бидэнтэй дахин холбогдож болно. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрхээ хамгаалуулах эрх тань хэвээр байна.
- Өргөдөлдөө үнэн зөв мэдээлэл бичнэ үү. Бусдын талаар нотлох баримтгүй, худал мэдээлэл бичих, хуурамч баримт хавсаргахаас татгалзаарай — ийм тохиолдол хуулийн хариуцлага үүсгэж болзошгүй.
- Таны бичсэн мэдээлэл, хавсаргасан материалыг зөвхөн энэ өргөдлийг шийдвэрлэхэд ашиглана.
Гэрээ цуцлах болон бусад өргөдлөө «Өргөдөл» хэсгээс гаргана. Асуулт байвал info@worldlanguage.mn хаягаар холбогдоно уу.